“Торгуудын их нүүдэл -255” ойрад судлалын эрдэм шинжилгээний хурал боллоо
⚐ 2025-12-27
“Торгуудын их нүүдэл -255” ойрад судлалын эрдэм шинжилгээний хурал боллоо
⚐ 2025-12-27
Торгуудаар тэргүүлсэн ойрадуудын Ижил мөрнөөс Или мөрөн, Тэнгэр уул, Алтай уул чиглэсэн 1771 оны их нүүдлийн 255 жилийг дурсан зохион байгуулсан ойрад судлалын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 01 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод боллоо.
“Тод номын гэрэл төв” ТББ, “Ойрад монгол судлалын хүрээлэн” ТББ-аас зохион байгуулсан энэхүү хуралд МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, АШУҮИС, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургууль, Хөдөлмөрийн их сургууль, Глобал удирдагч их сургууль, ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Үндэсний төв архив, Соёлын өвийн үндэсний төв, ОХУ-ын ШУА-ийн Халимагийн шинжлэх ухааны төв, БНХАУ-ын Шинжааны их сургууль зэрэг байгууллагуудын энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан болон идэвхтэй судалгаа хийж байгаа 34 судлаач сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ танилцууллаа. Хуралд энэ талаар судалгааны ажил хийдэг ихэнх их дээд сургуул, хүрээлэнгүүд оролцсоноос гадна илтгэгчдийн 25 доктор болон түүнээс дээш зэрэгтэй байж, өмнө нь төдийлөн судалгааны эргэлтэд ороогүй баримтууд дээр тулгуурласан илтгэл хэлэлцүүлсэн нь хурлыг улам чанаржуулж байлаа.
Торгуудуудаар тэргүүлсэн энэхүү нүүдлийг өмнө нь 1 сарын 5-ны өдөр болсон гэж үзэж байсан билээ. Энэ удаагийн хуралд оролцогчид:
-“Увш хаан: 12-р сарын шинийн 2-нд Ижилээс цэрэг цуглуулж, бүх нутгийг авч Хасгийг уулгалан одсугай хэмээн хууран зарлаж ... бүгд нэг санаагаар нааш мордов” (Увш хааны өгүүлсэн энэхүү өвлийн адаг сарын 12 сарын шинийн 2 –ны өдрийг аргын тоололд шилжүүлэхэд 1 сарын 17 болдог.)
-Уг нүүдлийн тухай тэмдэглэсэн сурвалжуудад “Орос 1-р сарын 5-ны өдөр Ижилийн баруун зүгт суусан нөхдөө орхиод бурхан шүтээнээ залж, эд агуурсаа аваад ... Зүүнгар хуучин нутгаа зорьж мордов” (“Орос 1 сарын 5-ны өдөр” гэж сурвалжид тэмдэглэсэн нь тухайн үед оросуудын хэрэглэж байсан Юлийн тооллын хугацааг хэлж байгаа билээ. Юлын тоолол нь 4 жилд нэг удаа тохиодог 366 хоногийг бүрэн тэмдэглэж чаддаггүй байснаас зөрөө үүссэн тул 1582 онд Ромын пап XIII Григорий шинэ тооллыг зохион 1582 оны 10 сарын 5-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Католик шашныг эсэргүүцэгч протестанд, үнэн алдартнууд уг Григорын тооллыг эсэргүүцэн удаан хугацаанд хэрэглэхгүй байсан. Оросууд григорийн тоололд 1918 оны 2 сарын 14-нд шилжсэн байдаг. Эндээс Юлийн тооллын 1771 оны 1 сарын 5-ныг Григорын тоололд шилжүүлэхэд 1 сарын 17 болдог билээ) зэрэг баримтууд дээр үндэслэн уг нүүдлийг 1771 оны 01 сарын 17-ны өдөр эхэлжээ гэдэг дээр санал нэгдэв.
Хурлын үеэр Тод номын гэрэл төв ТББ, Ойрад монгол судлалын хүрээлэн ТББ-аас эрхлэн хэвлүүлдэг “Bibliotheca oiratica” цувралын 142-146-р ботийн нээлт болов. Уг 5 ботид торгууд судлалын бүтээлүүд орсон байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг хоёр боть болгон Торгуудын их нүүдэл Илийн голд ирсэн VII сард уг цувралаар хэвлүүлнэ гэж тус төвийн тэргүүн доктор, дэд профессор На.Сүхбаатар хэлэв. Ингэснээр “Bibliotheca oiratica” цувралд 2026 онд Торгууд судлалаар судлаачдын сүүлийн үеийн судалгааг тусгасан 7 бүтээл хэвлэгдэх ажээ.