Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ-ын эрдэм шинжилгээний гол чиглэл нь ойрад монголчуудын дунд түлхүү уламжлагдан хадгалагдсан баатарлаг туулийн судалгаанд чиглэгдэг юм. Энэ хүрээнд тус төв туульч Парчины мэндэлсний 170 жилийн ойд зориулан эрхлэн гаргадаг “Bibliotheca Oiratica” цувралын энэ удаагийнх Бум-Эрдэнэ туулийн гар бичмэл эхийн судалгаа, кирилл хөрвүүлгийг эхийн гэрэл зургийн хамтаар толилуулж байна. Энэхүү туулийг А.В.Бурдуковын хүсэлтээр 1911 онд туульч Парчин хайлж бичээч Мажар цааснаа тэмдэглэн авчээ. Иймд энэ хувилбар нь монгол туулийн цөөн тоотой хадгалагдан ирсэн бичмэл эхүүд дотор эртнийд тооцогдох үнэ цэнтэй дурсгал болно. А.В.Бурдуковын охин Т.А.Бурдуковад хадгалагдаж байсан энэхүү бичмэл эхийг 1972 онд Studia Folclorica [Аман зохиол судлал] цувралд гэрэл зургаар, хожим кирилл хөрвүүлгээр хэд хэдэн удаа хэвлэн нийтэлсэн юм. Харин энэ удаад уг бичмэл эхийг гараар барьж, нүдээр үзэн танилцсаны үндсэн дээр дахин нэг бүрчлэн хөрвүүлж товч судалгааны оршилтойгоор уншигч олонд хүргэж байна. Ингэснээр өмнөх хэвлэлүүдтэй харьцуулан судлах, энэхүү туулийг дахин сэргээн сурах, сургах өргөн боломж бүрдэж байгаа болно.
░ ГАРЧИГ
Нэг. Бум-Эрдэнэ туулийн бичмэл хэвийн судалгаа
Хоёр. Бум-Эрдэнэ тууль (орчин цагийн монгол хэлний хөрвүүлэг, үгийн тайлбар)
[Бум-Эрдэнийн төр, шашны нэгдүгээр бүлэг]
[Хэнз багахан балчир Бум-Эрдэнэйн төрсөн бүлэг]
[Бум-Эрдэнэ буйман бор халзан морио тохсон хоёрдугаар бүлэг]
[Бум-Эрдэнэ зэвсэг авсан гуравдугаар бүлэг]
[Бум-Эрдэнэ талын таван хар мангасыг дарсан дөрөвдүгээр бүлэг]
[Бум-Эрдэнэ Хажир Хартай амин ах дүү болсон тавдугаар бүлэг]
[Бум-Эрдэнэ Хажир Харын албат иргэнийг хариу булаагаад авсан зургадугаар бүлэг]
[Бум-Эрдэнэ Хэнз, Хэлэ хоёрыг дарсан долдугаар бүлэг]
[Бум-Эрдэнэ аглагийн арван хар мангасыг дарсан наймдугаар бүлэг]
[Бум-Эрдэнэ хийгийн хүйтэн Хөхтөмөр зэвтэй амины ах дүү болсон есдүгээр бүлэг]
[Бум-Эрдэнэ хийгийн хүйтэн Хөхтөмөр зэвийн ачаа бараа, албат иргэнийг эвлэж нүүлгээд ирсэн бүлэг]
Гурав. Бум-Эрдэнэ тууль (Эхийн гэрэл зураг)