Түүх соёл, хэл бичиг, аман зохиол судлалын эрдэм шинжилгээний сэтгүүл
ISSN 3005-6144
ISBN 978-9919-535-04-9
Ерөнхий редактор:
На.Сүхбаатар, доктор (Ph.D), дэд профессор, Ойрад монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал
Нарийн бичгийн дарга:
Ү.Мөнхдагва, доктор (Ph.D), Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль
Гишүүд:
Б.Түвшинтөгс, доктор (Ph.D), профессор, Монгол Улсын Их сургууль
Д.Таяа, доктор (Ph.D), профессор, Өвөр Монголын Их сургууль
Б.Мөнхөө, доктор (Ph.D), профессорь, Ланжуугийн Баруун Хойтын Үндэстний Их сургууль
М.А.Лиджиев, доктор (Ph.D), профессор, Халимагийн Улсын Их сургууль
Б.Баярсайхан, доктор (Ph.D), Тувагийн Хүмүүнлэгийн Судалгааны хүрээлэн
Ондрей Срба, доктор (Ph.D), Чех Улсын Масарикийн Их сургууль
Н.Наранжаргал, доктор (Ph.D), ШУА-ийн Олон Улс Судлалын хүрээлэн
░ ГАРЧИГ
1. Н.Төмөр-Очир, Ямышев бэхлэлт дэх Зүүнгар улс – Хаант Оросын дайны зарим асуудалд
Товч агуулга
И.Д.Бухгольцоор удирдуулсан шинжилгээний анги байгалийн баялаг бүхий газар орныг илрүүлж, Эрчис мөрний дээд урсгалаар бэхлэлтүүд байгуулах, Сибирийг Яркендтай холбосон уурхай, худалдааны замыг нээх зорилгоор 1714 онд Тобольскод иржээ. Тобольскоос цэрэг, зэвсэг хэрэглэлээ базаагаад 1715 оны 10-р сард Ямышев нууранд очиж бэхлэлт барих ажлаа эхлүүлсэн байна. Гэвч Оросууд өөрийн нутаг дэвсгэр дээр нь бэхлэлт барьж буй явдалд Цэвээнравдан хаан дургүйцэж Цэрэндондовоор цэрэг удирдуулан Ямышев руу илгээжээ. Цэрэндондов худалдааны хэлэлцээр хийх нэрээр цөөн хүнийг илгээж бэхлэлтийн зохион байгуулалт, орос цэргийн байдал, зэвсэг хэрэгслийг тандан мэдсэн байна. Улмаар 1716 оны 2-р сарын 9-нд Зүүнгарын цэргийн довтолгоо эхэлж Ямышев бэхлэлтийг гурван сар орчим бүсэлжээ. Удаан бүслэгдсэний эцэст И.Д.Бухгольц 700 орчим хүнтэйгээр зугтан гарсан бөгөөд Зүүнгарын цэргүүд 419 хүн, 1700 гаруй адуу болон их хэмжээний бараа, мөнгийг олзлон авчээ. Уг өгүүлэлд шинжилгээний ангийн зорилго, дайны үйл явц, үр дүнгийн тухай өгүүлжээ.
2. Л.Энхсаруул, Чин улсын элчийн тэмдэглэл дэх Зүүнгар улс
Товч агуулга
Хоёр улсын харилцааны түүхэнд 1682–1738 оны хоорондох 57 жилийн хугацаанд 58 удаагийн элчийг Чин улсаас Зүүнгар улсад илгээсэн мэдээ илэрнэ. Эдгээрээс долоон элчийн тайлан олдоод буй нь 1682, 1689, 1724, 1725, 1734, 1737, 1738 онуудад хамаарах манжаар бичигдсэн тэмдэглэлүүд билээ. Эхний хоёр Галдан Бошогт (1644–1697), дараагийн хоёр Цэвээнравдан (1665–1727), сүүлчийн гурав Галданцэрэн (1694–1745) хаантай уулзсан бөгөөд Зүүнгар улсын дотоод байдлыг ойлгоход туслах нарийн, сонирхолтой мэдээллээр хангана. Тухайлбал, Зүүнгар улсын хилийн харуул, газар орны байршил, цаг агаарын байдал, амьтан ургамал, хамгаалан сэргийлэх бодлого, хоол хүнсний байдал, Цэвээнравдан хааны биеийн дүр төрх, өвчин эмгэг, баяр ёслол, цамын бүжиг, бух ноолдоон, Галданцэрэн хааны өргөөний дотоод зохион байгуулалт, тавгийн идээ зэрэг мэдээллийг агуулна. Сүүлчийн таван бүлэг нь хоёр улсын хилийн зурвасыг зураглан тогтоох асуудлыг хэлэлцэх үүрэг хүлээсэн байв.
3. На.Сүхбаатар, Зүүнгар улсын торгуудууд
Товч агуулга
Тус өгүүлэлд Дөрвөн ойрадын нэг хэсэг болох Торгуудын нэгэн салбар аймгийн түүхэн замналыг судалсан болно. Зүүнгар улс (1676 1755)-ын 21 “анги”-ийн 2 нь Торгууд анги байв. Зүүнгар улсын Торгууд нь уг нутагтаа оршин суусаар ирсэн буюу Ижил мөрөн, Хөх нуурт нүүгээгүй хэсэг болно. Зүүнгар улсад “анги”-ийн торгуудаас гадна 1700-аад оны эхээр Ижил мөрнөөс Аюук хааны хөвүүн Санжавын дагуулсан ирсэн торгууд нар байв. Зүүнгарын Цэвээнравдан хаанаас Санжавыг Аюук хаанд тушаан өгөөд 15 000 өрхийн 60 000 хүн ардыг өөрийн улсын отгуудад тараажээ. 1750-иад онд Баатар увш, Түндэв нарын 2 анги Зүүнгарт байв. Үүнээс Түндэвийн ангийн тухай мэдээ сурвалжид илрэхгүй байна. Харин Баатар увш нь Галданцэрэн хааны хүргэн бөгөөд 1753-1755 онд Даваач хааны эсрэг тэмцэж байжээ. Баатар увш Манжийн их цэрэгт дагаар орсон боловч удалгүй Манжийн цэргийн эсрэг тэмцлийг толгойлсон байна. 1757 оны эхэн гэхэд Амарсанаа нар Зүүнгараас шахагдан гарсан байхад Баатар увш Или голын орчмын отог, анги, шавийн хүн ардыг хураан авч Манжийн цэргийг эсэргүүцэн байлдаж байв. Өөрөөр хэлбэл, 1757 оны эхэн гэхэд Баатар увш босогч, тэмцэгчдийн удирдагч болсон байжээ. Харамсалтай нь Баатар увш цэцэг өвчнөөр нас баржээ. Түүнийг Торгуудын Шээрэн залгамжилж тэмцэгчдийг толгойлсон байна. Шээрэн нь Баатар увшийн үеэл бөгөөд өөрийн удирдсан торгуудуудыг авч 1758 онд Ижил мөрний зүг нүүжээ. 1771 оны Торгуудаар тэргүүлсэн нүүдэл Ижил мөрнөөс Тэнгэр уул, Или мөрнийг чиглэн ирж Манж Чин улсад дагаар орсон юм. Тус нүүдэлд Шээрэн, Шархүүхэн (Баатар увшийн хүү) нар идэвхтэй оролцож уг хуучин нутагтаа ирэхэд “Шинэ торгууд” хэмээн нэрлэж Алтайд суулгасан байна.
4. Ү.Мөнхдагва, Ховд - Улаан харгана хотын үүсэл
Товч агуулга
Ховд хотын үүслийг судлаачид харилцан адилгүй тэмдэглэсээр иржээ. 1685 онд Зүүнгарын Галдан бошогт хаан Ховд голын хөвөөнд суурийг тавьснаар, 1718 онд Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар цэргийн хүнсний амуу тариалах суурин байгуулснаар, 1731 онд манжийн цэргийн бэхлэлт болсноор, 1762 онд Буянт голын хөвөөнд байгуулагдснаар тус тус авч үзжээ. Зарим эрдэмтэд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт буй “Улаан харгана” хэмээх хотын туурийг Галдангийн тарианы суурин, орд өргөөний төв байсан гэжээ. Бид уг туурийг Найралт төвийн 9 (1731) онд Хязгаарыг ариутгагч их жанжин Фурданы байгуулсан Ховд хотын хуучин туурь хэмээх саналыг дэвшүүлж байна.
5. В.С.Салчак, Б.Баярсайхан, Ховдыг чөлөөлөх дайнд тувачуудын оролцоо
Товч агуулга
Тус өгүүлэлд Ховдыг чөлөөлөх дайнд Тагна Тувагийн Куулар Лопсанаар ахлуулсан Урианхайн сүсгийн болон сайн дурын цэргийн тоо, зарим нэгэн дуртгал, оролцооны тухай Тувагийн архивт хадгалагдаж буй түүхэн эх сурвалжид болон судлаачдын бүтээлүүдэд тулгуурлаж харьцуулан судлахыг хичээсэн болно.
6. Н.Наранжаргал Ховдын хязгаар дахь халимаг сургагчид (1921-1925)
Товч агуулга
Энэхүү өгүүлэлд 1921 оны хувьсгалын үед Монголд ажиллаж байсан халимаг сургагчдын Ховдын хязгаарт ажилласан үйл ажиллагааг тодруулахыг зорилоо. Ардын засгийн газраас Ховдын хязгаарыг чөлөөлөхөд ихээхэн анхаарч тухайн үеийн шилдэг боловсон хүчнүүдийн нэг болох халимаг сургагчдыг илгээжээ. Эдгээр халимаг сургагчдын ховдын хязгаарт хэрхэн ажилласан тухай судалгаа өнөө хүртэл дорвитой хийгдээгүй байна. Иймд ховдын хязгаарт ажилласан халимаг сургагчдын үйл ажиллагааг: -харийн дайсан этгээд эсрэг тэмцсэн нь, -засаг захиргаа, нам эвлэлийн байгууллагад ажилласан нь, -цэрэг сурган боловсруулах, -судалгаа шинжилгээний чиглэлээр хийсэн ажил, -Ховдод нүүн ирэх гэсэн халимагуудын асуудал гэсэн хэсгүүдэд хуваан авч үзлээ. Халимаг сургагч нар Ховдын хязгаарт ажиллахдаа засаг захиргааны байгууллагыг тохинуулах, цэргүүдийг шинэ үеийн хөтөлбөрөөр сургах, нам эвлэлийн үүр байгуулах, түүх угсаатан зүйн судалгаа шинжилгээний ажилд оролцох, хил хязгаарыг батлан хамгаалах, хувьсгалын эсэргүү гэгдсэн этгээдийг устгах зэрэгт ихээхэн идэвх санаачилгатай ажилласан байна. Халимаг сургагчдын Ховдын хязгаар дахь амьдрал, ахуй хангамж, нөхцөл байдал хүнд хэцүү байсан ч ах дүү гэсэн халуун сэтгэлээр хандан ажиллаж, Ховдын хязгаарт нүүн ирэх хүсэлт хүртэл гаргаж байв. Ховдын хязгаарт нүүн ирэх гэсэн халимаг сургагчдын хүсэлтийг Монголын засгийн газар хүлээн зөвшөөрсөн ч ЗХУ-ын талаас хүлээн зөвшөөрөөгүй юм. Халимаг сургагч нарын Ховдын хязгаар нүүн ирэх гэсэн хүсэлт нь Халимагууд монголчуудтай илүү ойрхон харилцах болсны нэгэн илрэл байсан тул, ЗХУ-ын талаас Монголд ажиллаж байсан халимаг сургагч нарыг элдэв хэрэгт холбогдуулан ахлагчийг нь Монгол улсаас албадан гаргаж, улмаар бүх халимаг сургагч нарын нутаг буцаасан байна.
7. Агнэш Бирталан Баруун монгол дахь тува бөөгийн удам: Ижилсэл хийгээд өв (Урьдчилсан тайлан)
Товч агуулга
Энэхүү өгүүлэл нь, Баруун монгол (Увс аймаг төдийгүй Ховд аймаг)-ын ард түмний дунд Ямаан самган хэмээн алдаршсан (өвчтэй ноёны хүүг эмчлэхээр уригдаж ирсэн) урианхай бөөгийн гэр бүлийн амьдралын түүх, бөөгийн зан үйл, үйл ажиллагаанд гарсан хувиралт өөрчлөлтийг 1993, 1995 онуудад цуглуулсан хээрийн судалгааны материалд тулгуурлан танилцуулна. Унгар - Монголын хамтарсан соёлын шинжилгээний дөрвөн жилийн хээрийн судалгааны хүрээнд, шарын шашин нь бөө мөргөлийг бараг бүрэн орлосон бүс нутгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бөөгийн гэр бүлийг олж илрүүлсэн явдал нь сонирхолтой байлаа.
8. Х.Бямбажав , Ойрадын Зая бандидын орчуулсан дурсгалууд дахь санскрит хэлний үгсийн хэрэглээ ба бичлэгийн онцлог
Товч агуулга
Энэхүү судалгаа нь Ойрадын Зая бандида Огторгуйндалайн орчуулсан буддын шашны бүтээлүүдэд хэрэглэгдсэн санскрит үгсийг авч үзэн, тэдгээрийн тод үсгийн бичлэгийн онцлогийг шинжилнэ. Санскрит хэлний ормол үгс нь шашин, соёлын харилцаагаар дамжин монгол хэлэнд эрт цагт нэвтэрч байсан бөгөөд Зая бандидын орчуулгын бүтээлүүд монгол хэлний үгийн санд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулжээ. Үүнээс гадна тэрээр санскрит хэлний үгийг тод үсгээр хэрхэн зөв тэмдэглэж, зөв унших аргыг тайлбарласан гарын авлагууд боловсруулж, тэр нь хойшид баримтлах зарчим болон тогтжээ. Түүний орчуулсан бүтээлүүдийн санскрит гаралтай үгсийг түүвэрлэн утга зүйн ангиллаар ангилж, тэдгээрийн тод, төвд, монгол, уйгур, согд бичгийн дурсгалуудын үгийн сан дахь санскрит үгсийн бичлэгүүдээс ялгарах онцлогийг харьцуулан судалсан болно. Судалгааны үр дүнгээс харахад Зая бандида нь өмнөх монгол галигийн уламжлалыг дагасан төдийгүй санскрит, төвд хэлэнд зориулсан тусгай үсэг тэмдэг болон авиазүйн дүрэм зохиосноор түүнийг улам боловсронгуй болгожээ. Түүний орчуулгын арга зүй нь монгол уламжлалт орчуулгын зохиолд түгээмэл тохиолддог санскрит хэлний зарим үгийг тэр хэвээр хэрэглэсэн, зарим санскрит үгийг шууд зээлдэн авах болон монгол хэлээр утгачлан орчуулах аргыг зохистой хослуулсан бөгөөд энэ нь монгол хэлний үгийн сангийн хөгжил болон тод үсгийн зөв бичих зүй тогтолд чухал хувь нэмэр оруулсан байна.
9. Д.Таяа, Халимагийн эртний уран зохиолын түүх бичлэгт холбогдох асуудалд
Товч агуулга
XX зууны далаад оноос нааш ЗХУ жич ОХУ-д Халимагийн эртний уран зохиолын түүх бичлэгт холбогдох ном бичиг бага бус хэвлэгдсээр ирсэн боловч түүний үүсэл хөгжлийн явц, эл түүх бичлэгийн хоорондох харьцаа холбоо жич тэдгээрийн алдаа оноог өгүүлсэн бүтээл харагдахгүй байна. Тус өгүүлэлд урьдаар Халимагийн эртний уран зохиолын түүх бичлэг нь Цагаан хаант Оросын үеэс эхлэн хөврөөд Зөвлөлт Холбоот Улсын үед хөгжлийн шат үед орж Оросын холбооны улсын үед үргэлжлэн хөгжих явц дахь эл түүх бичлэгийн хоорондох харьцаа холбоо жич тэдгээрийн алдаа оноог өгүүлэхийн зэрэгцээгээр тэр нь нэгэн биеэ даасан уран зохиолын түүх бичлэгийн системийг бүрэлдүүлсэн гэдгийг өгүүлэв. Дараа нь Дундад улс дах Монгол үндэстний эртний уран зохиолын түүх бичлэг, Ойрадын эртний уран зохиолын түүх бичлэг жич уран зохиолд холбогдох толь бичиг зэрэгт Халимагийн аман бүтээл буюу эртний уран зохиолын зарим бүтээлийг бага сага дурдсаар ирсэн боловч бүхий л Халимагийн эртний уран зохиол жич Халимагийн эртний уран зохиолын түүх бичлэгт дэмий анхаарал тавиагүй асуудлыг тодорхойлов. Эцэст нь, Халимагийн эртний уран зохиолын түүх бичлэгийн үндсэн байдлыг ойлгож мэдэх жич түүний тухай анхааран судлах явдал нь Монгол үндэстний эртний уран зохиолын түүх бичлэгийн мэдлэгийн өргөжилтөд холбогдох асуудал мөн гэх үзэлтийг дэвшүүлэв.
10. Б.Нанжид, Монгол баатарлаг тууль дахь нумын тухай судалгаа
Товч агуулга
Монгол баатарлаг тууль тэр дундаа ойрад-монголын баатарлаг тууль дахь зэр зэвсгийн дүрслэл, зохиомжийг хадны зураг, дөрвөлжин булш, буган чулуу, хиргисүүрийн судалгаанд үндэслэн зэр зэвсгийн дүрслэл, зохиомжийн сэтгэлгээ соёлыг харьцуулан судлахыг эрмэлзсэн болно. Манай баатарлаг туулиудад аль нэгэн цаг үед товойн ямар нэгэн баатрыг шууд дүрслэн өгүүлсэн уламжлал үгүй учир түүний үүсэл бүрэлдлийн цаг хугацааны тухай баримжаатай ойлголтыг бий болгохын тулд эртний нийгэм соёл, ахуй соёл, сэтгэлгээний хөгжил өөрчлөлтийг илэрхийлсэн түүхийн элемэнтүүдтэй харьцуулан үзэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингэснээр бид эцсийн үр дүнд баатарлаг туулийн үүсэн бүрэлдсэн түүхэн ахуй нөхцлийг ч баримттайгаар таамаглах боломж бүрдэх бөгөөд үүний нэгээхэн жижиг хэсэг нь дээрх туульд өгүүлэгдэх зэр зэвсгийн дүрслэл юм.